П.Энхмаа: Японд мэргэжлийнхээ дагуу цалинтай дадлага хийнэ гэдэг маш том боломж

2020/01/28
Share |
Хүмүүс:
П.Энхмаа: Японд мэргэжлийнхээ дагуу цалинтай дадлага хийнэ гэдэг маш том боломж

Япон улсад ажиллах ур чадвартай ажилтан бэлтгэх “Mica Mongolia” төвийн Ерөнхий захирал П.Энхмаатай ярилцлаа.



-“Mica Mongolia” төв хэзээ байгуулагдсан бэ?

-Япон улсын Засгийн газрын тогтоолын дагуу гадаадаас ажиллах боловсон хүчин авах хууль болон цагаачлалын хууль шинэчлэгдэн өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн “Ур чадварын ажилтан” гэх шинэ ажиллах нөхцөлийн журам баталсан. Тухайлбал, Япон улсын хөдөлмөрийн хуульд гадаад иргэнийг хөдөлмөр зуучлалаар ажиллуулж болохгүй гэж заасан байдаг. Үүний дагуу бид Япон улсад ур чадвартай ажилтан бэлтгэх “Mica Mongolia” төвийг байгуулаад нэг жил зургаан сарын хугацаа өнгөрсөн байна. Бидний үйл ажиллагааг хөдөлмөр зуучлалын байгууллага гэж ойлгож болохгүй.

Япон хүмүүс ямар нэгэн шалгуургүй ажилд авдаггүй. Японы хөдөлмөрийн хууль болон тухайн орны соёл, заншлыг мэддэг бэлтгэгдсэн хүмүүсийг л авахыг эрмэлздэг.Тийм учраас энэхүү төвийг байгуулсан гэж хэлж болно. Мөн Япон улсад ажиллаж хөдөлмөрлөе гээд чаддаггүй хүмүүс маш их байна. Тэдгээр хүмүүсийг дэмжин, тусалдаг байгууллага юм.

-Ур чадвартай ажилтан болж Япон улсад ажиллахын тулд ямар шалгуурыг хангах вэ?

-Бид эхлээд онлайнаар Япон хэлний анхан шатны хичээл заадаг. Дараа нь долоон хоногт дөрвөн удаа танхимын сургалт ордог. Сургалтад суусан хүмүүс Япон хэлний N4 түвшинг хангавал ур чадвартай ажилтны шалгалтад үнэ төлбөргүй хамруулдаг. Тухайн иргэн 45 хоногт нэг удаа шалгалт өгч болдог бөгөөд тэнцсэн тохиолдолд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 10 жилийн хүчинтэй сертификат олгодог. Манай төвийн онцлог бол Японд ажиллах хүсэлтэй иргэдийг шалгалтад бэлтгэх, хууль зүйн бичиг баримт бүрдүүлж, хуулийн дагуу ажиллахад туслалцаа үзүүлдэг. Монгол Улсын хэмжээнд зарласан ур чадвартай ажилтан бэлтгэх шалгалтад манай төвийн  сургалтад хамрагдаж байсан хүмүүсийн 80 хувь нь тэнцсэн. Өөрөөр хэлбэл, 26 хүн шалгалтад орсны 23 нь тэнцсэн гэсэн үг. Тийм учраас Япон улсын харилцагч байгууллуудаас Монгол иргэдийг манай төвөөр дамжуулан шалгалтад оруулах хүсэлт маш их ирж байна.
 

 


-Ур чадвартай ажилтан бэлтгэхээс гадна өөр ямар төрлийн үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Манай төв нь хэд хэдэн чиглэлээр Япон улс руу ажиллах хүчин бэлтгэж байна. Нэгдүгээрт ур чадвартай ажилтан бэлтгэж байна. Хоёрдугаарт сонгон шалгаруулалтаар дамжуулж мэргэжилтэн явуулдаг. Жишээлбэл, Япон улсаас Монгол Улсын IT инженерийн мэргэжилтэй боловсон хүчин авмаар байна гэвэл Монголд сонгон шалгаруулалт явуулан тэнцсэн иргэдийн хууль зүйн болоод хэлний мэдлэгийг сайжруулан явуулах үүрэгтэй. Япон Монголын ажиллах хүчинд гүүр болж байна гэсэн үг. Гуравдугаарт бизнес консултант хийдэг. Япон улсад ямар аргаар хэрхэн бизнес хийх тухай зөвлөгөө өгдөг юм. Одоогоор сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг Япон руу гаргаж байна. Хоёр компанийг хооронд нь холбож, албан ёсны орчуулга хийж, гэрээ болон бусад холбогдох зүйлүүдэд хяналт тавин Япон улсын хуулийн дагуу гүйцэтгэдэг. Дөрөвдүгээрт Япон улс руу сонины тэтгэлгээр оюутан сургадаг. Тухайн оюутан өглөө нь сониноо зөөгөөд, өдөр нь хичээлдээ явах буюу ажиллангаа сурах нөхцөлийг бүрдүүлдэг. Тавдугаарт Япон улсад магистр болон докторын сургуульд суралцахад нь дэмжлэг үзүүлж байна. Мөн Япон улсын Анагаах ухааны сургууль, Техникийн сургуулиудад 100 хувийн тэтгэлэгтэй сургуульд хамруулж байна.
 


-Байгуулагдсанаасаа хойш хэдэн хүнд Япон улс руу явахад нь дэмжлэг үзүүлсэн бэ?

-Оюутан солилцоогоор 200 гаруй хүүхэд явуулсан байна. Мөн Японд магистр болон докторантаар суралцах 50 гаруй иргэн явуулсан. Одоогийн байдлаар 20 гаруй хүүхэд явах гээд хариугаа хүлээж байна. 26 мэргэжилтэн явуулсан байна. 2019 оны зургаадугаар сард 15 оюутныг зуны дадлагаар Япон улс руу явуулсан. Өөрийн мэргэжлийнхээ дагуу Япон улсад цалинтай дадлага хийнэ гэдэг бол маш том боломж. Байр болон хоол үнэгүй бөгөөд тухайн оюутныг дадлага хийснийх нь төлөө 65 доллар олгодог. Энэ жил 45 оюутныг Япон улсад дадлагажуулахаар төлөвлөж байна. Япон руу зуны дадлагаар явсан хүүхдүүд богино хугацааны цэргийн ангид явсан юм шиг л болчихдог. Эрт босно, мөнгө болон хөдөлмөрийн үнэ цэнийг мэддэг болно гээд маш олон давуу талтай. Нэг хүн Япон улс руу ажиллах гэж, сурах гэж явлаа гэхэд түүний ард маш олон хүн баярлаж, бахархаж байдаг. Үүнийг харах л бидний ажлын онцлог оршино. Япон хүмүүсийн хариуцлага, соёлыг нэг ч гэсэн Монгол хүн мэдрээд эх орондоо эргэн ирээд ар гэрээ өөрчлөөсэй гэж хүсдэг.

-Япон улсаас захиалга өгч байгаа компанийн хувьд ямар мэргэжлээр ажилтан авахыг хүсдэг вэ?

-Япон улсын ур чадвартай ажилтан авах тухай хуульд зочид буудал, асрахуй, ресторан, зам гүүр барилга, хүнсний үйлдвэрлэл, оффис цэвэрлэгээ, хөдөө аж ахуй, загасны аж ахуй, нисэхийн салбар, машин засвар механизм, цахилгаа IT инженер, аж үйлдвэрлэл гэсэн 14 төрлийн ажилтан авна гэж заасан. Одоогийн байдлаар асрахуй, нисэх, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлд ур чадвартай ажилтан авч байна.
 


-“Mica Mongolia” төвийн бусад байгууллагаас ялгарах онцлог юу вэ?

-Манай төвийн хамгийн гол онцлог бол хэлний сургалт маш чанартай явагддаг. Япон улс руу дадлагажигч явуулдаггүй. Учир нь дадлагажигч нь хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээгээр цалинждаг. Тийм учраас Монгол иргэдийг цалин ихтэй, гурван жилийн гэрээгээр ажилладаг газарт явуулахыг хичээдэг. Мөн бидэнд хандаж байгаа иргэдээс зуучлалын мөнгө авдаггүй. Үйлчлүүлэгчээс авч буй төлбөр нь тухайн хүнд зарцуулагдсан орчуулга болон өмгөөлөгчийн хөлс байдаг.
 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.