Г.Улсболд: Эрүү, Зөрчил, Иргэний хуулиар явах уу гэхээс илүү ямар процессоор шалгаж, шийдвэрлэх нь чухал

2020/01/17
Share |
Хүмүүс:
Г.Улсболд: Эрүү, Зөрчил, Иргэний хуулиар явах уу гэхээс илүү ямар процессоор шалгаж, шийдвэрлэх нь чухал

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага хэн нэгэн иргэн, албан тушаалтан, байгууллагын талаар түгээсэн мэдээллээс болж Зөрчлийн хуулиар торгуулдаг байсан. Тэгвэл гүтгэхтэй холбоотой заалт Зөрчлийн хуулиас хасагдаж, Эрүүгийн хуульд орсон нь хэвлэл мэдээллийнхний хувьд онцлох сэдэв болоод байна. 

Сүүлийн хоёр жил Зөрчлийн хуулиар гүтгэлэг, доромжлол мөн эсэхийг шийдвэрлэх явцыг зохицуулсан ч тийм зөв зүйтэй хуулийн хэрэглээ байж чадаагүй. Баримт нь үнэн ч сэтгүүлчдийг шилжсэн утгатай үг, хэлц, тооны зөрүү зэрэг дээр шүүхийн шийдвэргүйгээр шийтгэл оногдуулж ирсэн энэ байдалд сэтгүүлчдийн байгууллага, холбоод шүүмжлэлтэй хандаж, сэтгүүлч, редакцийг эдийн засгийн дарамтад оруулж буй гүтгэх хэмээх заалтыг Зөрчлийн хуулиас хасах, тэгэхдээ олон улсын гэрээ конвенциар хүлээсэн үүрэг, амлалтдаа нийцүүлэн Эрүүгийн хуульд ч оруулахгүй байх шаардлагыг Хууль зүй, дотоод хэргийн яам, бусад субьектүүдэд илэрхийлж ирсэн билээ. Зөрчлийн хуулиар сэтгүүлч гүтгээгүй гэдгээ нотлохын тулд эх сурвалжаа зааж өгөх шаардлагатай болдог байсан. Харин одоо Эрүүгийн хуулийн 13.14-өөр гомдол гаргагч нь тухайн мэдээллийг илт худал гэдгийг нотлох үүрэгтэй болжээ. Цагдаа шүүхийн өмнө нотолж чадахгүй бол гомдол нь хэрэгсэхгүй болно. Харин сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхээ хадгалж үлдээх боломжтой болсон гэхчлэн хэвлэл мэдээллийн байгууллагын амин чухал асуудлууд хуулийн шинэ зохицуулалтаар шийдэгджээ. 

Энэ талаар Time.mn сайтын Ерөнхий редактор Г.Улсболд дараах байр суурийг илэрхийллээ.


СЭТГҮҮЛЧ Г.УЛСБОЛД:

Гүтгэх үйлдлийг Зөрчлийн хуульд томъёолсон асуудлаар 2017 онд "Нүүдэл шийдэл" хэлэлцүүлэгт оролцохдоо сэтгүүлчийн үзэл бодлоо хэлж байсан. Тэгэхэд шүүмжлэлийг гэмт хэрэг биш, харин олны дунд амьдрах боломжгүй болж, нүүж суух, амиа хорлох шалтгаанд хүртэл нь гүтгэх нь гэмт хэрэг гэж ярьж байсан. Энэ бодол хэвээрээ. Сая өөрчилсөн Эрүүгийн болон Зөрчлийн хууль, тэдгээрийн процессын хуулиудаар 2018, 2019 онд Төрийн ордонд, Хууль сахиулах их сургууль дээр хэлэлцүүлгүүд зохион байгуулсан. Тэгэхэд Амгалан хурандаа Эрүүгийн хуульд оруулахгүй бол гүтгэлгийг барахгүй нь гэдэг саналыг цагдаагийн байгууллагаа төлөөлөөд хууль шинэчлэх байнгын ажлын хэсэгт илэрхийлж байсан.

Хууль болж батлахаасаа өмнө ХЗДХЯ өөрийн сайтдаа бүтэн жил төслөө байршуулсан. Өргөн барьсны дараа УИХТГ сайтдаа байршуулсан. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчид, редакциуд, холбоод, эвлэлд санал өгөх эрх нь нээлттэй, хэлэлцүүлэх боломж нь бүр нээлттэй байсан.

Нээлттэй нийгэм форум гүтгэх заалттай холбоотой хэлэлцүүлэг хийсэн. Тэгэхэд яагаад сэтгүүлчид анхаарсангүй вэ.

Хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг сурвалжилдаг сэтгүүлчдэд төсөл, хэлэлцүүлгүүд нээлттэй л байсан шүү дээ. Шалгагдаж байгаа сэтгүүлчдэд ямар бэрхшээл гарч байгааг нэгнээсээ сонсч, хамтдаа зовниж л байсан шүү дээ.

Гэтэл яагаад гэнэт сэрүүлэг тавьж сэрсэн юм шиг худал мэдээлэл цацах үйлдлийг Эрүүгийн хуульд оруулсныг гайхаад байна. Миний ажигласнаар хэдэн шалтгаан байна.

Хайхрамжгүй. Сэтгүүлчид хуулийн төслийг бараг уншдаггүй. Уншдаг хэсэг нь цөөн. Тухайлан гүтгэх заалт аль хууль дээр байх нь урлаг соёл, спорт, нийгэм, эдийн засгийн сэтгүүлчдэд тэр бүр хамаагүй юм шиг хандлага харагддаг. Улс төр, эрэн сурвалжлах чиглэлээр бичдэг сэтгүүлчид энэ асуудлаар шалгагдах магадлал өндөр байдаг болохоор тэд анхаардаг ч хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг нийт ажилтны цөөнх. ЖДҮ, концесс, сонгуулийн хууль, Үндсэн хуулийн тухай мэдээлэл цуглуулахаас гадна өөрсдөдөө хамаатай асуудалд хайхрамжтай хандаж байцгаая.

Тархай бутархай. Радио, телевиз, сонин, сайт, мэргэшсэн сэтгүүлчдийн гэх олон холбоо бий. Энэ холбоодоо мөнгө хийх гэж л байгуулагдсан гэж сэтгүүлчид нь хандлагаа илэрхийлдэг. Хийдэг байхыг үгүйсгэхгүй ч зүй нь сэтгүүлчид ийм бодолтой байна гэдгээ илэрхийлэх боломжтой гишүүддээ үйлчлэх ТББ-ууд нь байхад шахаад ашиглах хэрэгтэй. Гишүүнээр элсэх албагүй ч тэр холбоодыг ашиглаач ээ. Холбоод хэлэлцэж, МСНЭ-ээр дамжуулж хууль боловсруулах ажлын хэсэгт саналаа илэрхийлбэл тэр нь Монголын сэтгүүлчдийн байр суурь гэж төрд харагдана. Тэр олон холбооны байр суурийн дунджийг илэрхийлэх байгууллага нь өнөөдөртөө МСНЭ.

Х.Мандахбаяр. Түүнийг Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дэд дарга байсан гэдгийг мэдэх учраас олон сэтгүүлч МСНЭ-ийн ерөнхийлөгч болоход шүүмжлэлтэй хандсан. Хувь хүнтэй нь холбоотой асуудлыг МСНЭ гэдэг байгууллагадаа нааж ойлгоод тэндээсээ холдох нь өөрсдийгөө хохироож байгаа хэрэг. МСНЭ МУИС-ийн Номын санд гүтгэх заалттай хоёр удаагийн уулзалт хийхэд нь очсон. Тэнд ТВ8-аас өөр телевизгүй, "Өглөөний сонин"-оос өөр сонингүй л байсан. Цөөн, сайт ирсээн, бас багш, судлаачид байсан, шалгагдаж байгаа сэтгүүлчид ч ирсэн.

Редакциудад хэлээд, зар тавиад байхад л ирээгүй. Очихоор Х.Мандахбаярын талд орлоо, дэмжлээ гэж харагдана гэж бодсон юм уу хаашаа юм. Уг нь тэнд хэн удирдаж байгаагаас үл шалтгаалаад МСНЭ-ийн ажил явж байгаа юм. Оролцоогүй.

Заалт. Сошиалаар худал мэдээлэл тараавал, хэвлэлээр худал мэдээлэл тараавал ингэнэ тэгнэ гэсэн хоёр заалт Засгийн газраас Эрүүгийн хуулийн төсөлд оруулж ирсэн. Сошиалгүй Хэвлэл мэдээллийн байгууллага байхгүй. Дээрээс нь олон нийтийн өмнө худал мэдээлэл тараавал ял хариуцлагагүй үлдэх гэж байсан.

Хэвлэл гэж тусгайлан ялгах шаардлагагүй гэж хэлэлцүүлэгт оролцсон сэтгүүлчид ярилцсан.

МСНЭ хожимдож анхаарал тавьсан учраас хэлэлцүүлэг ч хожимдсон буюу төсөл дээр бичигдээд УИХ-д орж ирсэн байсан. Хожимдсон учраас Эрүүгийн хууль дээр байгаа төслийг яаж томъёолох вэ гэдэг дээр ярилцсан. Ажлын хэсэгт МСНЭ томъёоллоо танилцуулснаар УИХ баталсан.

Лобби. Медиагийн эзэд УИХ-д олон бий. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульдаа өөрийн зохицуулалтаа боловсронгуй болгочихвол эрүүгийн хууль, зөрчлийн хууль руу ээлжилж шидээд байх шаардлагагүй гээд хуульчид, мэргэжилтнүүд, хууль бичигч нар хэлээд байхад анхаарахгүй байна. УИХ дээр лобби бүлэг байгууллаа гээ биз дээ, аль дээр. Тэд нараас асууя. Х.Мандахбаяр дарга гадаад харилцаанд анхаарлаа, сэтгүүлчдийг шагналаа, нутаг усаа хамгааллаа, бургас булгалахыг эсэргүүцлээ, хөдөөгүүр босоо хөхийнхөнтэй явлаа, сэтгүүлчдийг өмгөөллөө гэдэг мэдээ зөндөө уншлаа, мэдэрлээ. Хэвлэлийн хуулиа лоббидож батлуулахгүй, сэтгүүлчиддээ хүлээн зөвшөөрөгдөхгүй бол МСНЭ-ээ сэтгүүлчид нь хүлээн зөвшөөрөхөө болилоо. Х.Мандахбаяр МАН-ын мөнгийг базаж байна, сонгуулиар мөнгө олдохгүй болох нь гэсэн эдийн засгийн ойлголтоор эсэргүүцэж байгаа хэсэг ч бий. Нийт сэтгүүлчиддээ хүлээн зөвшөөрөгдөхгүй бол ерөнхийлөгч байх шаардлагатай юу гэхээр МСНЭ-ийн дүрэм журамд ээлжит бус хурал, онц их хурал хийнэ гэсэн заалт байхгүй гэдгээр аргалаад байж боломгүй байна.

Эцэст нь, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Иргэний хуулиар явах уу, яах вэ гэдгээс илүү чухал нь ямар процессоор шалгаж, шийдвэрлэх вэ гэдэг илүү чухал байна.

Хуулийн, хууль сахиулах байгууллагуудад ажиллаж байгаа хэвлэлийн төлөөлөгч, ХМА-д ЭБАТ, хуулийнхандаа сэтгүүл зүйн үйл ажиллагааны тухай, мэргэжлийн онцлогийн тухай сургалт хийх ёстой байна. Үүнийг гэмт явдал судлаачид, ХМЗ, холбоод, эвлэл ч хийж болно. Яаралтай. Уулзалтууд хиймээр байна, яаралтай. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх М.Батчимэг гишүүн асны хуулийн төсөл хаачсан бэ, ХЗДХЯ-нд боловсруулж байгаа төсөл хаачсан бэ. Мэдээлэлтэй болцгооё, хэлэлцэцгээе. Хэвлэл мэдээллийн зөвлөлийнхөн сэтгүүлчдийг аттестатчилах эрхийг авах гэсэн санаархлаа зогсооё. Хэвлэлийн өөрийн зохицуулалтыг хуульд тусгаж ёс зүй, мэргэжлийн хариуцлагатай холбоотой асуудлыг өөрсдөө шийддэг байж болох ч тэр нь заавал одоогийн ХМЗ байх албагүй гэдгийг санаарай.

Жич: Салбартаа багтахгүй болтол чинь гүтгэж, хамаг амьдрал руу чинь орж, үр хүүхдүүдийн чинь зургийг дэлгэж, зүгээр л новш болговол сэтгүүлчид минь тэр хүнээ яаж олж, яаж хохирлоо барагдуулж, тайтгаралаа олж, нэр хүндээ сэргээх гэж байна даа. 60 хоногийн дотор хорооны цагдаа илрүүлээд, хариуцлага хүлээлгэж чадах болов уу. Гадаадаас гүтгээд байвал яах вэ. Иргэний шүүхээр яваад тусыг олох уу, нотлох баримтаа яаж цуглуулж, нэр төрөө сэргээлгэх гэж байна даа. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны тусаар л олох байх даа. Муу нэр хусавч арилахгүй гэж.

Нэг нөхрийн хууль бус үйлдлийг дэлгэлээ. Тэр дарга чамайг цагдаад өгөөд, цагдаа чамайг болон байгууллагыг чинь торгоод дампуурууллаа. Эсвэл чи бүтэн жил шүүхээр заргалдаж явлаа, өөрөө хохирлоо, ядаргааг орхидог байж гэж бодлоо. Ингэж пять нольдуулаад байтал чинь хэзээ хойно нөгөө нөхрийн буруу байсан нь тогтоогдлоо. Тэр хооронд чи гүтгэгч болоод салбартаа нэр хүнд чинь уналаа. Зөрчлийн хуульд ийм л байна.

Үсгийн шивэлтийн алдаа, санамсаргүй, зорилгогүй тооны алдаа зэргээс болоод, эсвэл хоёрдмол утгатай, шүүмж, ёгт бичээд дуудагдах новшийн. Алдаа бол хариуцлага. Редакцийн хурал дээр шийдэж болно, ёс зүйнх бол Хэвлэлийн зөвлөл рүү явуулж болно.

Үнэхээр хүнийг, байгууллагыг шүүмжлэх гэж шүүмжлээд, зохион байгуулалттайгаар, захиалгатайгаар, өс хонзонгийн сэдэлтээр гүтгээд байгаа нөхөр шоронд л явах ёстой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.