Бариста Н.Должинсүрэн: Кофе бол урлаг

2020/01/17
Share |
Хүмүүс:
Бариста Н.Должинсүрэн: Кофе бол урлаг

Кофенд дурлагсдын нэг өдрийг кофе шопгүйгээр төсөөлөхийн аргагүй. Өглөөний аяга кофеноос бүхий л өдрийнхөө эрч хүч, энергийг авдаг тэдний хүсэл сонирхолд нийцсэн амтат кофег найман жилийн турш урлаж байгаа “Cafe9” кофе шопын бариста Н.Должинсүрэнг бид энэ удаагийнхаа дугаарт онцоллоо. Монголын анхдагч кофе шопуудын нэг бол “Cafe9”. Тус кофе шопод найман жилийн турш ажиллаж байгаа тэрбээр Монголдоо цөөхөнд тооцогдох “Латте арт” чиглэлээр дагнадаг бариста нарын нэг. Харах, үнэрлэх, амтлах мэдрэмжээр дамжуулан кофенд дурлагсдад аз жаргал бэлэглэж байгаа түүний ярилцлагыг танд хүргэж байна.


-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Наранбаатарын Должинсүрэн гэдэг. Хүмүүс бариста Оогий гэдгээр нь илүү сайн мэддэг. “Cafe9” кофе шопд ажиллаад найман жил болж байна.

-Анх “Cafe9”-тэй холбогдсон түүхээсээ хуваалцаач?

-Би “MIU” сургуулийн хоёрдугаар курсийн оюутан байхдаа анх зуны амралтаараа ажилд орж байсан. Оюутан  ахуй цагаасаа эхлэн цагийн ажил хийж эхэлсэн. Зун болон өвлийнхөө амралтаар “Cafe9”-д ирж ажилладаг байсан. Надад маш сонирхолтой санагдсан. Тэгээд сургуулиа төгсөөд бариста болохыг сонгоод кафедаа үндсэн ажилтнаар ажиллаж эхэлсэн.

-Тухайн үед кофены тухай мэдлэгтэй байсан уу?

-Кофены тухай огт мэддэггүй байсан. Анх Тэмүүжин гээд ах маань кофе уухыг заасан. Амандаа кофегоо хийгээд, завж руугаа оруулаад  жинхэнэ амтыг нь мэдэрдэг тухай сонсоод кофе уух сонирхол нэмэгдсэн. Үүнийгээ ч мэддэггүй байлаа.

 

 

-Бүх зүйлийг эхнээс нь сурах явцад мэдрэгдсэн мэдрэмж ямар байсан бэ?

-Кофены соёлыг анх мэдээд маш гоё санагдсан. Эхлээд амтанд нь дурласан бол сүүлд нь кофе бол урлаг гэдгийг маш сайн ойлгосон. Үүнээс үүдээд латте арт гэдэг зүйлийг сонирхож эхэлсэн. Монголд кофен дээр зураг зурах нь ховор. Гадаадад одуудыг их зурдаг ч юм уу эсвэл үйлчлүүлэгчдээ зурдаг бариста нарыг хараад Монголд ч бас ингэж зурдаг бол гоё юм байна даа гэж бодогдсон.

-Кофен дээр зурсан анхны бүтээл тань юу байсан бэ?

-Анх зүгээр бөөрөнхий чих, хамар, ам зэргийг зураад сүүлдээ нарийн деталиуд зурж эхэлсэн. Сүүлдээ шууд хараад зурдаг болсон. Хүмүүсийг орж ирэхээр хөрөг зургийг нь ч юм уу эсвэл өөрийг нь харж байгаад л зурж эхэлсэн. Тэр надад маш сонирхолтой байсан.

-Гаднын бариста нарыг хараад цаашдаа хэрэгжүүлмээр зүйлс олж хардаг байх?

- Бусад улс орнуудад кофе принтинг хийж эхэлсэн байгаа. Монголд кофены соёл дөнгөж л орж ирж байгаа болохоор шууд хараад зурах нь илүү таалагддаг. Яагаад гэвэл шууд зурж байгаа учраас зуруулж байгаа хүний авах таашаал нь илүү нэмэгддэг юм шиг санагддаг.

 

 

-Зурж байсан хамгийн сонирхолтой зүйл тань?

-Манайд фитнессээр хичээллэдэг нэг ах орж ирээд шагналынхаа цомын хамтаар зуруулах санал тавьсан. Зураад өгтөл өөрт нь маш их таалагдаад бодит мэдрэмж өгч байгаа санагдсан.

-Зурахыг тань хараад энэ урлагт татагдан суралцах хүсэлтээ илэрхийлж байсан хүмүүс хэр их байдаг вэ?

-Эхлээд өөрийгөө зуруулах хүсэлтэй орж ирээд “ямар гоё юм бэ, би ч гэсэн үүнийг хиймээр байна” гэж хэлдэг эмэгтэйчүүд олон байдаг.

-Талархлын үгс хэр их ирдэг вэ?

- Маш их ирдэг. “Cafe9”-ийн маань хамт олон намайг их алдаршуулсан. Оогий гэдэг бариста маань зурдаг шүү, ирээрэй гээд уриалахад үйлчлүүлэх хүсэлтэй хүмүүс ирдэг. Түүнээс маш их урам авдаг. Үйлчлүүлэгчид маань эргээд сэтгэгдлээ цахим орчинд хуваалцаж баярласнаа илэрхийлдэг.

 

 

- Энэ хугацаанд байнгын үйлчлүүлэгч олонтой болсон уу?

-“Cafe9” маань анх “Smoкy Room” гэдэг нэрээр нээгдэж байсан. Түүнээс хойш найман жил болсон болохоор маш олон үйлчлүүлэгчтэй болсон. Бүгдтэй нь дотно сайхан найзууд болсон байгаа.

-Үйлчлүүлэгч тань тухайн кофег уугаад ямар мэдрэмж аваасай гэж хүсдэг вэ?

-Миний бодлоор кофе маань тайвшрал авахын зэрэгцээ ажиллах, сурах эрч хүч авдаг юм шиг санагддаг. Манайд орж ирж байгаа үйлчлүүлэгчид маань кофегоо уугаад маш сайхан тайвшраад гэртээ байгаа юм шиг болоод гардаг. Дулаан мэдрэмж аваасай гэж их хүсдэг дээ. 

 

 

-Кофег хэрхэн сонгож уухаа мэддэггүй хүмүүс олон байгаа байх. Тэр хүмүүст зөвлөгөө өгвөл?

-Өглөөгүүр кофе ууж сураарай.Тэгвэл маш гоё эрч хүч авна. Орой 6:30 цагаас хойш кофе уухаас татгалзаарай. Учир нь зүрхэнд ачаалал өгч дэлсэх, нойр хулжих зэрэг нөлөө үзүүлдэг. Тийм болохоор зохистой хэрэглэж сураарай. Кофег маш гоё амталж ууж сураарай. Аль болох хар кофе сонгох нь хамгийн зөв  сонголт байх болно.

-Үйлчлүүлэгчдэдээ хандаж юу гэж хэлмээр байна?

-Цаашид “Cafe9” маань улам өргөжөөд салбаруудаа нээх болно.Манайхаар байнга үйлчлүүлээрэй. Та нартаа элэгсэг дотно, найрсаг үйлчилж, угтан авах болно. Мөн найман жилийн турш хамт байсан үйлчлүүлэгчдэдээ баярлалаа гэж хэлмээр байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 





Ж.Золжаргал 

 

 


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
anu humsaa av.. iim baliar urt humstai dotor n buun nyan urjine.. coffee shop ajilluulj baigaa bol eruul ahuigaa negt tavi..chinii gangan degjin baih er padgui!
IP:123.211.67.51  2020-01-17 20:37:35
Заяа За битгий хуц.Тэр хумс ямар байна кофенд огт падлийгуй. Юм хийх гэсэн нэгнийгээ дандаа мэрж байдаг. Кофе л сайхан амттай болж байвал хумс ч яамай. Амжилт!Худлаа атаархсан новшнуудыг бvv тоо
IP:66.181.182.232  2020-01-18 00:30:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.