Өргөгч цамхагийн хөгжимчин

2019/11/28
Share |
Хүмүүс:
Өргөгч цамхагийн хөгжимчин

Түүний олон бүтээл өргөгч цамхагийн бүхээгт төрсөн. Таван жилийн өмнө, Улаанбаатар зовуурьтай ч урагш зүтгэлэн буйг илэрхийлэх олон барилгын хаа нэгтээ, өргөгч цамхагийн бүхээгт орой бичих хөгжим, одоо хийж буй ажлынхаа талаар сэтгэл хоёрдон суусан Мөнхбаатар, одоо бидний мэдэх DJ Бодьхүү. Тэр өөрөө ч өргөгч цамхаг шиг өндөр, нарийхан залуу.

Түүнд үнэтэй хөгжим, сайн үзүүлэлттэй зөөврийн компьютер, хөгжмийн боловсрол олчих орчны аль аль нь байсангүй. Шилжилтийн үеийн залуусын нэгэн адил кассет тоглуулдаг хөгжмийн өсгөгчид чихээ өвдтөл нааж, оюутан болоход нь ээжийнх нь авч өгсөн жирийн компьютер, ажилтай байхын тулд хийсэн кранчны ажил ч байлаа. Бас тэр Монголын хойд хязгаарт төрөөд долоодугаар ангидаа Улаанбаатарт ирж байснаа, дараа нь Хөдөө аж ахуйн сургуульд ландшафтын архитектур мэргэжлээр сурснаа, хөгжимд дуртай учраас компьюьтертээ дуу цуглуулж эвлүүлдэг байснаа ний нуугүй ярина. Өргөгч цамхаг дээрээс өглөөний Улаанбаатарыг харсан тэр мөчид л илэрхийллээ хөгжмөөр дамжуулан гаргахаар шийджээ. Кранчны ажил хариуцлагатай учраас хөгжмөө хойш тавьсаар цас орсон намрын сүүл сард барилгын ажил зогсож, хүсэн хүлээсэн бүтээл хийх цаг нь иржээ. Ингэж л Бразилийн 1960-аад оны босса нова голчилж, жазз, самба оруулсан “Рио” цомог бүтсэн гэдэг.  

Энэ явдлаас таван жилийн дараа Нарлагийн галт тэрэгний 13 дугаар өрөөнд түүний бүтэн цомогтой таарч билээ. Өнгөрсөн өвөл, үүнээс оройхон бид Транс-Сибирийн галт тэргэнд сууж, урт холын аялалд гарлаа. Сибирийн цасанд дарагдсан хусан ойг туулах 6000 километрийн замыг хэрхэн туулахаа төлөвлөөгүй бид галт тэрэгний тасалгаанд орсон хойноо л юу хийхээ, яах ийхээ ярилцах боломжтой болсон юм. Азаар нэгэнд маань Бодьхүүгийн шинэхэн цомог “Москва” байж таарчээ. Гараад удаагүй байсан тэр цомгийг Улаанбаатарын залуус хариг хатуу өвлийг туулах зөөлөн дулаан нөөлөг болгож буйг мэдэхийн хувьд шуудхан зөөврийн компьютертээ хийж тоглуулав. Тэр мөчөөс л өмнө нь сонсож байсан Бодьхүүг дахин нээж, галт тэрэг, онгоц, автобус, машинаар туулсан 20,000 километрт “Москва” цомог замын хөг эгшиг болсон билээ. Энэ бол цастай Москвагийн гудамжуудыг, нэвсийтэл будрах цасан доорх Петрийн өдрүүдийг амьд халуун болгосон “Москва” цомог. Оросын гэх ой дурсамжийг сэдрээж, дотуур зөөлөн урсах аялгууны урсгал. Сүүлд түүнээс цомгийнх нь талаар асуусан. “Хүүхэд байх үеийн Оростой холбоотой дурсамжуудыг эргэн санаж, 70-аад оны жазз, фанк, 80-аад оны эстрад дуунуудыг сонгосон. Бараг 120 гб хөгжим, 150 гб кино, тоглолт хайж сонссон” гэж хариулсан сан.

Аяллаас ирснийхээ дараахан “Ногоон бүс” гэх кофены газар нүүр тулан танилцаж, удалгүй болох “Улаанбаатар” олон улсын медиа арт наадамд “Найрагчийн мөрөөр” төслийн саунд артистаар ажиллах тухай ярилцсан юм. Энэ аялалд Бодьхүүгийн хөгжим л яг зохицно гэсэн төслийн багийнхны бодол буруу байгаагүй. Магад энэ бүтээл л Бодьхүүг DJ-гийн ширээний араас босож, агуулгыг хөгжмөөр илэрхийлэх саунд арт руу хөтөлсөн байж мэднэ.

 

 


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.