Засгийн газарт МАН дангаараа хариуцлага тооцно

2017/08/31
Share |
Хүмүүс:
Засгийн газарт МАН дангаараа хариуцлага тооцно

МАН-ын 30 гишүүн Засгийн газарт хариуцлага тооцохоор УИХ-д өргөн барьснаас хойш тэдэн дээр намынх нь УИХ-ын гишүүд нэмэгдэж 41 болоод байна. МАН-ын бүлэг хоёр өдөр хаалттай хуралдаж, өчигдөр үдээс хойш нэгдсэн шийдвэрт хүрсэн. Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар намын бүлэг санал хураалт явуулж,  огцруулах саналыг дэмжсэн юм. Засгийн газрыг огцруулахдаа хүрвэл өөрсдөө хариуцлага тооцох ёстой гэж МАН-ын бүлгийн олонх нь үзэж буй ажээ.

“МАН-ын дарга М.Энхболд нарын төрийн албыг наймаалах тухай 60 тэрбум төгрөг босгох яриа уулзалт хийсэн нь намыг бүхэлд нь муухай харагдуулсан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын зарим гишүүн концессын гэрээгээр их хэмжээний хөрөнгө мөнгө үргүй зарцуулж буй үзэгдлийг таслан зогсоохын тулд намын зүгээс тэдэнд хариуцлага тооцох ёстой” гэж бүлгийн гишүүд үзсэн байна.  Энэхүү санал санаачлаг бүлгийн гишүүдийн байр суурийг ихээхэн өөрчилжээ. Аль нэг сайдад хариуцлага тооцох гэхээсээ илүүтэй Засгийн газартай нам өөрөө хариуцлага ярих хэрэгтэй гэдэг санал бүлгийн хурлаар хүчтэй дэмжлэг авчээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хувьд Засгийн газрын сайдууд өөрсдийнхөө хувийн компанид концессын ажил авсныг хатуу шүүмжилж, бүлгийн хурлын үеэр огцруулах бичигт гарын үсэг зурсан байдаг. Түүний санал, байр суурийг дагаж хэд хэдэн гишүүн нэмж, санал нэгдсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, огцруулах шаардлагагүй гэж нэг гишүүний саналаар дэмжигдсэн ч УИХ-ын чуулганы хуралдаанаар асуудал өөрөөр эргэхээр байгаа юм. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжилгүй авч үлдсэн ч чуулганы хуралдаанаар огцруулсан байдаг. Үүнээс үзэхэд байнгын хорооны шийдвэр гэхээсээ илүүтэй чуулганы хуралдаанаар гишүүдийн олонх шийдвэрлэх юм.

Засгийн газрыг огцруулах байр суурин дээр одоогийн байдлаар МАН-ын 41 гишүүн нэгдээд байна. УИХ-ын чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд АН, МАХН, бие даагч гишүүний саналаас үл хамааран МАН дангаараа хариуцлага тооцох боломжтой болж байна. Түүнчлэн Засгийн газрыг огцруулах саналыг дэмжсэн АН, МАХН, бие даагч гишүүнийг оруулбал 52 гишүүний саналаар Засгийн газар огцрохоор байна. Гэхдээ МАН юуны түрүүнд Засгийн газарт дангаараа хариуцлага тооцохыг чухалчилж буй ажээ.

Т.Түвшин

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.