Хүүхдийн сэвлэг үргээх ёслолд хүн бүрийг урьдаггүй

2017/02/02
Share |
Хүмүүс:
Хүүхдийн сэвлэг үргээх ёслолд хүн бүрийг урьдаггүй

Хүүхдийн унаган сэвлэгийг үргээх ёс бол түүний цаашдын амьдралд нь сайн сайхан, аз жаргалтай байж, урт удаан наслахыг бэлгэддэг эртний сайхан ёс. Эрт цагт хүүхдийн сэвлэг үргээхдээ өргөн дэлгэр найр хийдэггүй байсан бөгөөд ивээл жилтэй, ойрын төрөл хамаатан, гэр бүл, үр хүүхэд нь өв тэгш хүмүүсийг урин ирүүлж, цомхон найр хийгээд өндөрлөдөг байжээ.

 Найранд урьсан хүмүүс нь балчир хүүхдийнх нь тэргүүнд хүрч унаган сэвлэгийг нь хөндөж, ирээдүйн буян заяаг нь ерөөх хүмүүс учир эцэг эх нь их бэлгэдлийг бодож урьдаг байж. Өөрөөр хэлбэл хэн хамаагүй хүнийг “хүүхдийн сэвлэг үргээх найран”-д уриад байдаггүй байсан ажээ. Харин уриагүй боловч хэргийн учирт санамсаргүй тохиолдсон хүнийг ерөөлтэй байж хэмээн ихэд билгэшээн дээш нь урьж, дайлж цайлаад бэлэг өгч явуулдаг заншилтай.

Ер нь монгол ёсонд балчир хүүхдийн сэвлэгт элдэв хүний гар хүргэхийг сайнд тооцдоггүй байна. Муу хулгайч, худалч, шуналтай, хэрүүлч элдэв муу хүнийг балчир хүүхдийн тэргүүнд хүргэх нь тухайн хүүхдийн заяанд сайн биш гэж үздэг.
Гэтэл өнөөдөр, “Хүүхдийн үсний найр”-ыг хавтгайруулсан нийтийн найр болгож, бүхий л хамаатан садан, найз нөхөд, ажлын газрынхныг урин ирүүлж балчир үрийнхээ тэргүүнд гар хүргүүлж, сэвлэгийг нь хөндүүлж байна. Үүнийг болих хэрэгтэй. Хүүхдийн үсний найр бол томчуудын найрын шалтаг биш. Найз нөхөд, ажлын газрынхны дунд ямар ч хулгайч, луйварчин, шуналын үүр, хэрүүлч, хэл амтай хүн явж байгаа юм билээ!
ЮУ Ч БОДОЛГҮЙ БҮХНИЙГ УРЬЖ НАЙРЛАДАГ НАЙР БОЛ “ХҮҮХДИЙН ҮСНИЙ НАЙР” БИШ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.