Б.Тунгалагтамир: Алтан баззер даруулж байхад бяруу, хурга засах ч цаашаа шүү

2016/10/20
Share |
Хүмүүс:
Б.Тунгалагтамир: Алтан баззер даруулж байхад бяруу, хурга засах ч цаашаа шүү

"Авьяаслаг монголчууд" шоуны гурав дахь алтан баззерын эзэн Б.Тунгалагтамирын гар утас руу уржигдар өглөө эрт залгав. Түүнтэй мэнд мэдэлцээд гэрт нь очиж сурвалжлага хийх боломжтой эсэхийг асуутал "Хүүе, одоо яана аа" хэмээн уулга алдсанаа "Намаржаан дээрээсээ том гэрээ ачаад явж байна. Хот явахаасаа өмнө том гэрээ өвөлжөөндөө буулгах гээд үүрээр нүүдэл хийсэн юм. Манай гэр орон нүүдэл хийгээд ундуй сундуй байгаа. Бичлэг энэ тэр хийх юм уу. Одоо яана аа" гэв. Тэгснээ залгуулаад "Та нар тав тух алдахгүй гэвэл хүрээд ирж болно. Монгол хүмүүс байна даа. Ярилцаж байтал болох байлгүй" гэв.

Төв аймгийн Өндөрширээт суманд их үдийн алдад очлоо. Өнөө жил Өндөрширээтийн хөндийд өнөтэй сайхан намар болж байна лээ. Сөл нь тасраагүй өвс намрын салхинд хонгортон найгах аж. Замд тааралдах азарга адууны зоо ховилтож, үс нь сорлоод даанч сайхан таргалжээ. Намрын хайлган цагаар мал ингэж таргалахаас өөр яах ч билээ. Туул гол Өндөрширээт сумын зүүн талын шаргал дэрс найгасан хөндийгөөр урсах ажээ. Сумын төвд хэсэг саатаад Б.Эрдэнэбатын намаржиж байгаа Жавхлант толгой руу хөдөллөө. Биднийг гэрийнх нь гадаа яваад очтол хүн алга байв. Удахгүй гэртээ хүрээд ирэх байх гээд хүлээж зогстол баруун талын тод замаар хөх өнгөийн "портер" хөндий талаар тоос татуулан айсуй. Эрдэнэбат, Б.Тунгалагтамир нар хоёр хүүхэдтэйгээ хүрээд ирлээ. Өвөлжөөндөө том гэрээ төвхнүүлчихээд ирж байгаа нь энэ аж. Гэрийн эзэдтэй мэнд мэдэлцээд яриа дэлгэлээ. Гэрийн эзэн Б.Эрдэнэбат "Манай эхнэр гэртээ тогтохоо болиод удаж байна. Хотын хүн болчих гээд л байгаа юм. Би хэдэн хүүхдээ хараад үлдэх юм шиг байна. Нөгөөдөр хот явж бэлтгэл сургуулилалт хийх гэнэ.

Хувцас хунар, дуу дуулах сургуулилт хийлгэхэд мөнгө хэрэг болсон юм гэсэн. Хэдэн мал муулаад хот орох санаатай сууцгааж байна даа. Зурагтаар гарснаас хойш манай утас таван минутын чөлөөгүй л дуугардаг болсон. Таньж мэдэх хүмүүсээс эхлээд танихгүй хүн хүртэл залгаж баяр хүргэж байна" гэв. Харин "Авьяаслаг монголчууд" шоуны гурав дахь алтан баззерын эзэн Б.Тунгалагтамир "Сүүлийн гурав хоног утас байнга дуугарч байна. Энд тэндээс хүмүүс ярьж, баяр хүргээд үнэхээр сайхан байгаа" гээд инээд алдав.

Малчид өдийд намаржаандаа буучихаад малаа услах, өвөлжөө, хот хороогоо засч, янзалж, хөрзөн ховхолж, хамарлаж асгасан аргалаа дэлгэж хатаах гээд ар араасаа цуварсан их ажилтай байдаг. Бүгд өвөлжилтийн бэлэн байдлаа хангаж ажилладаг ид үе нь. Б.Эрдэнэбатынх ч ялгаагүй. Өвөлжөөгөө засах, саравчныхаа дээр салхи оруулахгүйн тулд хөрзөн асгах, портертоо барих гээд завгүй байна лээ. Мөн эхнэр Б.Тунгалагтамир нь "Авьяаслаг монголчууд" шоундаа оролцох гээд бүр ч их завгүй байна лээ. Тэднийх өнгөрсөн зун гүүгээ огт бариагүй байна. Үнээ, тугалаа нийлүүлээд эхлээр нь явуулчихжээ. Шоунд оролцож, алтан баззер даруулж байгаа бичлэг зурагтаар гарснаас хойш гэр бүлээрээ аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн байгаа гэсэн. Ах, дүүс нь зочилж ирээд айл саахалтаараа найр наадам болж, баярт үйл явдлыг тэмдэглэсэн байна. Хотоос сэтгүүлч ирсэн гэдгийг сонсоод айл саахалтын хүмүүс цугларч эхлэв. Б.Тунгалагтамир мах чанаж, шөлөнд нь будаа хаяж, зочдоо дайлах юм. Хоол хийх зуураа гэрийн эзэгтэй "Сая хэд хоног өвөлжөөн дээр юм хийчихсэн чинь хоолой сөөчихсөн байна. Бага байхад манай аав миний хэлийг хатгаад цус гаргасан юм. Тэрнээс хойш огт өвдөхгүй байсан. Тэгсэн энэ жил гэнэт сөөгөөд хөндүүрлэж өвдөөд байх юм. Хотод очоод эмчилгээ хийлгэчихвэл зүгээр болчих байх л гэж бодоод байна" гэв.

"Анх шоунд оролцох гээд явахад нь дургүй байсан. Одоо харин байнга явуулж байгаа"

Ингээд бид Б.Тунгалагтамирын нөхөр Б.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Таныг эхнэрээ "Авьяаслаг монголчууд" шоунд явуулах дургүй байсан тухай цухас яриа нэвтрүүлгээр гарсан. Та үзсэн үү. Энэ талаар ярихгүй юу?

-Одоо бол явуулах дуртай байгаа шүү. Би эхлээд "Авьяаслаг монголчууд" шоунд орно гээд байхаар нь дургүйцээд байсан юм. Манай хүн чинь нийгмийн идэвхи сайтай. Хаана урлагийн наадам болно. Тэнд сумаа төлөөлөөд дуулж хуурдаад хэд хоногоор яваад өгнө. Эсвэл эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, сонгуулийн ажил, хурал, зөвлөгөөн гээд алга болно. Тэр ажлуудынх нь нэг биз. Зурагтаар үзэж байхад мундаг авьяастай хүмүүс ороод байдаг юм билээ. Манай хүн тэнцэхгүй биз гэж бодоод огт тоохгүй байсан юм. Анх хавар гурван сард нэг явсан. Яг мал төллөж эхлээд байсан үе. Хэдэн зуугаараа хонь, ямаа ишиглэж, хургалаад, гүү унагалаад эхэлчихсэн байсан. Тэгсэн "Би шоунд оролцоод ирмээр байна" гээд байдаг. Би "Чи юу яриад байгаа юм бэ. Мал төллөж байхад хот орж яах гээд байгаа юм. Би ганцаараа хэцүүддэг юм байгаа биз дээ" гэж хэлчихээд адуундаа мордсон. Цас ороод машин тэрэг явах боломжгүй болчихсон байхад "Надад морь бариад өгчих. Морьтой сумын төв ороод цаашаа хот руу явмаар байна" гэж хүртэл гуйсан. Тэгээд адуундаа явчихаад ирсэн чинь бага охины бие өвдөөд халуураад байна гээд сумын төвөөс эмч дуудчихсан байсан. Би ч дотроо бодож л байсан. Манай хүн зургаан хүүхдээ халуурч бүлээрээд эхлэхээр өөрөө л эм уулгаж, домноод зүгээр болгочихдог. Цаашаа л явах гээд байгаа юм байна даа гэж. Тэгээд сумын эмч ч охиныг "Эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай. Хатгаа авах дээрээ тулсан байна" гээд аваад явсан. Тэгсэн шөнө охиныхоо биеийг асуух гээд утас руу нь залгатал аль хэдийнэ хот орчихсон байгаа юм. Ингээд анхан шатны тэмцээндээ тэнцчихээд ирсэн.

-Алтан баззерын эзэн болох гэж явахдаа ч бас танаас арай гэж зөвшөөрөл авсан гэсэн. Шалгаруулалт нь өнгөрсөн тавдугаар сард болсон юм уу?

-Тийм ээ. Таван сарын дундуур хотоос дүү нар гэр бүлээрээ засаа идэх гээд ирчихсэн байсан. Хэдэн бяруугаа засаж байсан чинь цасаар шуураад эхэлсэн. Ингээд маргааш нь бяруу, хурга, ишгээ засахаар болсон. Тэгсэн утас дуугараад "Маргааш тэмцээндээ орж, шалгуулна шүү" гэж хэлдэг юм байна. Би ч бас л дургүйцсэн. "Хурга, ишгээ хөнгөлж байхад чи явж яах гээд байгаа юм. Явуулахгүй" гэсэн юм. Тэгсэн намайг аргалж байгаад л шөнө яваад маргааш нь тэмцээндээ орчихсон байсан. Алтан баззер даруулчихаад над руу залгахаар нь учрыг нь сайн ойлгохгүй. "Чамайг яахаараа шилдэгт багтаадаг байна" гээд хэлчихсэн. Сая зурагтаар үзээд л бүх учрыг нь бүрэн ойлгож мэдлээ шүү дээ. Одоо тэгээд хамаг юмыг нь бэлдэж өгөх гээд өөрөө түрүүлж гүйгээд л сууж байна.

-Та эхнэрийнхээ зан чанарын тухай яриач. Та хоёр ханилаад бараг 17 жил болж байгаа гэсэн үү?

-Бид гал голомтоо бадраагаад 17 дахь жилтэйгээ золгох гэж байна. Манай хүн хүнд тусархуу, ил цагаан, шулуун, баргийн юмыг өөрөө хийнэ, аргална, бүтээнэ гээд л сууж байдаг хүн. Ямар ч ажлаас хойш суухгүй. Гэрийнхнээ өнгөтэй өөдтэй явуулж, арчилж торддог ганц хүн нь юм шүү дээ. Залууд нь дуу хуур, урлагаар нь явуулсан бол бас ч гэж хоосонгүй байх байсан юм болов уу гэж боддог л юм. Гэхдээ "Авьяаслаг монголчууд" болохоос өмнө би тэгж бодож байсан.

Биднийг ийн ярилцаж байтал хотоос Н.Пунцагдорж, М.Мөнхбаяр хоёр хүрээд ирэв. Тэд өвөлжөөг нь янзалж өгөхөөр хотоос иржээ. Мөн саахалт айлын Н.Занданбат ч ороод ирлээ. Бидэнд зам зааж ирсэн Өндөрширээт сумын Засаг даргын орлогч Б.Оролзод гээд олуулаа болсон учир гэрийн эзэд чанасан мах, намрын чимчигнэсэн айраг, цагаагаа дэлгэж, сайхан яриа дэлгэн сууцгаалаа. Алтан баззерын эзэн маань "Янагийн сайхан харц шиг Яргуй нүдлэн мишээсэн" гээд л "Дөрвөн цагийн тал"-ыг сэвэлзтэл сайхан дуулж байна. МУГЖ С.Батсүхийн дуулдаг, сүүлд Эрдэнэзуу хийдийн хамба лам Баасансүрэн дуулж олноо хүргэсэн "Орчлонг хайрлаарай" дууг ч дуулав.

Өндөрширээт сумын Засаг даргын орлогч Б.Оролзодыг яруу найрагч гэдгээр нь мэдэх хүн олон. Оюутан байхдаа "Тогоруутай нуур" тэргүүтэй олон дууны үг бичиж байсан яруу найрагч даргаар "Ширээтийн суурин" гэх алдарт шүлгийг нь уншууллаа. Б.Тунгалагтамир их найрч юм билээ. Чанга чанга инээгээд л дуулаад байв.

Бүртийх ч үүлгүй тэнгэрт одод ярайтал түгжээ. Сарны саруулд хотондоо хэвтсэн хонь яраглах, саахалт айлын нохой хуцах дуу сонсогдох. Гэрээс "Зөн билгийн цэнхэр тогоруу Зэрэглээ зүсэн жигүүр дэлгээд" гэж саахалт айлын Занданбат гэх залуугийн дуулах дуу тодхон сонсогдож байв. Б.Тунгалагтамир МУГЖ, уртын дууч Хонгорзултай уулзах хүсэлтэй явдаг гэнэ. Төв аймгийн дууны наадмуудад хүүхэд байхаасаа байнга оролцдог байсан тухайгаа хуучлав.

"Намайг 40 минут яриулсан. Тэгээд таван минутын бичлэгийг л гаргасан байна лээ"

Нар гарах болоогүй байхад гэрийн эзэгтэй Б.Тунгалагтамир босож цайгаа чанав. Мөн хонио хурааж байхад нь гарч очлоо. Гэрийн эзэгтэй ногоон торгон дээлтэй, бакааль өмсчихсөн зогсож байв. Тэмдэг нь арилчихсан хэдэн хонины тэмдгийг сэргээх гэнэ. Мөн хот руу аваачиж зарахаар болсон хонь, ямаагаа ч барих гэнэ. "Улаан эр ямаа шүдгүй болчихсон байна лээ. Бор халзан хонь ч хөгширчихсөн байна. Ер нь энэ жил цаг хатуу болно гээд байгаа. Эм хонь, ямаагаа хийсэн нь дээр байх. Шороонд хаяж байхаар тарган байгаа дээр нь хямдхан ч гэсэн хэдэн төгрөг болгочихвол болно" гээд л ялгаж гарав.

Ингээд бага үдийн алдад хонь, ямаагаа барьж дууссан Б.Тунгалагтамиртай ярилцлаа.

-Та нөхөртэйгөө анх хэрхэн танилцаж байсан бэ. Танай сумынхан энэ талаар ярьдаг юм байна лээ?

-1999 онд бид хоёр дөнгөж үерхэж эхэлж байтал Б.Эрдэнэбатын талынхан намайг гуйх гээд хүрээд ирсэн. Бүр яах ч учраа олохгүй сонин байдалд орсон. Хэн хэндээ ойртож, зан зангаа авалцаагүй, дөнгөж үерхэж эхэлж байхад шууд гуйгаад ирсэн. Манайхан ч хадаг, сүүг нь аваад намайг бэр болгоод өгчихсөн. Ингээд 2000 онд бид хуримаа хийсэн. Манай хүн анх ирдэг байхдаа олигтой юм ярихгүй. Би ч болсон бүх зүйлээ дуржигнатал яриад дуусгачихдаг байлаа. Хадаг, сүү тавиад эхнэр нь болчихоод байхад хүртэл ичээд олигтой юм ярихгүй шүү дээ. Бид ингэж л анх амьдралаа эхэлж байлаа.

-Та найман хүүхэдтэй болно гэж ярьсан байсан. Олон хүүхэдтэй байх сайхан уу?

-Одоо бид зургаан хүүхэдтэй. Хоёр хүүхэдтэй болчихвол найман хүүхэдтэй болно. Хүнд хүн илүүдэхгүй гэдэг биз дээ. Амьдралд юу ч тохиолдоо билээ. Хэн нэгэндээ түшиг хань болж үлдээх гэж л найман хүүхэдтэй болно гэж боддог юм. Би эхээс тавуулаа. Миний дор нэг охин дүү байсан юм. СУИС-ийн кино драмын ангийг төгсөөд Лүн суманд айлын бэр болоод явсан. Хэдэн жилийн өмнө мал хариулж яваад мориндоо чирэгдээд бурхан болчихсон юм. Миний дүү надаас ч авьяастай сайхан дуулдаг байсан. Дүүтэйгээ хонины бэлчээрт цангинатал дуулаад явдаг байж билээ. Дандаа ардын дуу дуулна. Бүр хоорондоо дуугаар өрсөлдөнө. Хээр гарчихаад биенийгээ нэрээр зарлаад л, концертонд орж байгаа юм шиг дуулдаг байлаа. Манай аав их сайхан дуулдаг хүн байсан. Ээжийн талд ч эвлэгхэн сайхан дуулдаг хүн олон байсан.

-"Авьяаслаг монголчууд" шоунд оролцож алтан баззер даруулахдаа шүүгчидтэй ярилцсан таны чин сэтгэлийн яриа олон хүний сэтгэлд хүрсэн байна лээ. Алтан баззер даруулчихаад юу бодсон бэ?

-Анх шоунд оролцох гээд өглөө эрт очсон. Хүн болгоныг шалгасаар байгаад бүр орой 22:00 цагт орсон. Би тайзан дээр гарч ирээд 40 гаруй минут ярьсан. Миний ярьсан зүйлсийн таван минутын бичлэг л орсон байна лээ. Тайзан дээр гарч ирээд, шүүгч, үзэгчдэд амьдралаа бүгдийг нь ярьсан. Бүгд л миний ярихыг сонсоод инээгээд л байсан. Би өөрийгөө алтан баззер даруулна гэж ерөөсөө бодоогүй. Урьд өдөр нь малаа хөнгөлж байгаад хүрээд ирсэн болохоор студи орж дуугаа бичүүлж амжаагүй. Тэгээд ТВ5 телевизэд ажилладаг нэг найзаасаа шоунд орох гэсэн бичлэг алга. Үлэмжийн чанарыг дуулах гэж байгаа гэж хэлсэн. Тэгсэн өөр хүний дуулж бичүүлсэн "Үлэмжийн чанар" дууны аяыг олж өгсөн. Ингээд л утсан дээрээ аяа сонсож, хэд дуулж бэлдээд шууд гарсан. Манай нутгийн, МУГЖ Болд ах миний дуулахыг сонсоод өөрийнхөө хоолойг гаргаж чадаагүй гэж шүүмжилж байна лээ. Алтан баззер даруулж шилдэг 32-т үлдчихээд маш их баярласан. Тайзнаас буухад нэг сонин инээдэмтэй бодол толгойд орж ирсэн. "Алтан баззер даруулж байхад бяруу, хурга засах ч яамай байна аа" гээд ямар ч хэцүү саад бэрхшээл давж шоунд оролцлоо гээд өөрөөрөө бахархах сэтгэл төрсөн. Тэгээд шууд нөхөртөө хэлэхээр залгасан.

-Танай нөхөр яаж хүлээж авсан бэ?

-Нээх онгирч, хөөрч догдолсон амьтан нөхөр рүүгээ залгасан. "Миний хань аа би алтан баззер даруулчихлаа. Шилдэг 32-т шууд үлдчихлээ" гээд онгирсон юм. Тэгсэн манай хүн өөдөөс "Хэн чамайг тэнцүүлчихдэг байна аа. Чи ч сайхан далим гаргаад энэ зунжин гэртээ тогтохгүй юм байна" гэдэг байгаа. Уур ч хүрэх шиг, гомдох сэтгэл ч төрөх шиг болж байгаа юм. Ингээд сумандаа яваад очлоо. Хүмүүст хэлсэн ерөөсөө тоохгүй юм. Би бодохдоо баяр хүргээд бөөн юм болох байх гэж төсөөлөөд сумандаа ирснийг яана. Бүр сүүлдээ манай сумынхан "Чиний нөгөө тэмцээн чинь хэзээ гарах юм бэ" гээд асуудаг болсон. Тэгээд сумын төвд нэг найзындаа очоод үзлээ. Тэгсэн нөгөө ерөөсөө тоохгүй байсан хүмүүс чинь бүгд баяр хүргээд л сүйд болж байна. Гудамжинд таарсан хүн болгон баяр хүргэж үнсээд л. Намайг загнаад байсан нөхөр одоо инээд алдаад л яваад байгаа шүү дээ. Надад хайртай гэж ч хэлж байх шиг. Хүүхдүүд маань бөөн баяр хөөр болоод их сайхан байна. Мөн маш өндөр хариуцлага ирж байгааг мэдэрсэн.

-Хаана бэлтгэл сургуулилтаа хийж байгаа вэ. Нутгийн зөвлөлөөс таныг дэмжиж ажиллахаар болсон гэсэн үү?

-Олон хүн энд бэлтгэлээ хий. Тэнд сургуулилтаа давт гээд л утасдаад байна. Төв аймгийн театрт ирж бэлтгэл хий гэсэн. Мөн багштай болж байгаа. Энэ удаад ямар ч байсан өөрийнхөө бүх боломжийг дайчилж дуулна. Гэхдээ уртын дуу дуулах байх гэж бодоод байгаа. Хэдэн хонь, ямаа зарж мөнгөтэй болоод л явна даа. Сүүлийн үед өөрийгөө Монголын олон мянган жирийн малчинг төлөөлж энэ шоунд оролцож байгаа шүү. Чи үзүүлээд өгөх хэрэгтэй гээд зоригжуулж байгаа. Талийгаач дүү минь надад "Би дуучин болох мөрөөдөлтэй" гэж хэлдэг байсан. Дүүгийнхээ тэр мөрөөдлийг биелүүлэх юмсан гэж бодож байна даа. "Авьяасаг монголчууд" бол өөрийнхөө юу чаддагийг харуулах, дүүгийнхээ хүрээгүйд хүрэх маш том урам зориг өгсөн шоу. Бас намайг наанаа дэмжихгүй байгаа юм шиг царай гаргадаг ч цаагуураа үргэлж нэгдүгээрт тавьдаг хань, гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Хэдийгээр би дунд сургуулиа төгсөөд л мал дээр гарсан ч харамсах юмгүй сайхан л амьдарч байна. Би их сургуульд элссэн бол ханьтайгаа учрахгүй, зургаан сайхан үрээ төрүүлэхгүй л байсан шүү дээ. Амьдралд бас золиосолж болох, илүү их сайн сайхан зүйл авч болох юм гэж байдаг. Гэхдээ том золиосыг, ялангуяа өөрийгөө орхиж үр хүүхдэдээ бүхнээ зориулахыг эх хүн, эмэгтэйчүүд л чадна. Өөрийгөө тэдний нэг гэж бодож явдаг шүү.

Тэр үнэхээр л цагаан цайлган, ил яриатай, бүгдэд сайхан энерги түгээж суудаг монгол эмэгтэй юм. Бид ийн ярьж дуусахад гэрийн эзэн машинтайгаа усанд явж, гэрийн эзэгтэй бага охин Э.Урангоо, хүү Э.Мөнхдоржийгоо хараад үлдэв. Б.Эрдэнэбатынх 800 гаруй малтай. Дутагдах, гачигдах зүйлгүй сайхан амьдарч байна лээ. Малынхаа ашиг шимийг хүртэж, зургаан хүүхдээ хэнээс ч дутахааргүй сайхан өсгөж байна. Б.Тунгалагтамир "Өндөрширээтээр ирэх л юм бол манайхыг зориод ирээрэй. Эгч нь хурал хуй, тэмцээн уралдаанд явахгүй л юм бол гэртээ байж байна" гээд гараа далласаар үлдэв.

Э.Хүрэлбаатар, Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser êóïèòü ôåí çàêëàäêà ìîñêâà купить МДМА розовые Галич закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Ð²Ð»Ð°Ð´Ð¸Ð²Ð¾Ñ Ñ‚ок Работа Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ ÐÐ¸Ð¶Ð½ÐµÐ²Ð°Ñ €Ñ‚овск Купить закладкР¸ стаф в Урене купить Гердос ЛюдиновР¾ как бросить бутандиР¾Ð» купить СК Крист Белые ВесьегоР½ÑÐº купить ЭйфоретР¸Ðº ПикалёвР¾ ñîëè â ÿðîñëàâëå çàêëàäêè открыть сайт в обход роскомнР°Ð´Ð·Ð¾Ñ€Ð° экстази где можно купить Купить ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Аргуне Магазин ЗакладоРº Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Туапсе мефедроР½ способы употребР»ÐµÐ½Ð¸Ñ Купить ЗакладкР¸ Спайса Брянск Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в НавашинРµ Icq Спайс Удомля ãäå êóïèòü ýêñòàçè â áàðíàóëå Спайс в Курлово купить Экстази МензелиР½ÑÐº купить Дурь Боровск купить Кайф БолотноРµ vitalya bro brosix КомментР°Ñ€Ð¸Ð¸ к статье как по цыганскР¸ спасибо споры псилоциР±Ñ‹ купить ñîëü çàêëàäêè âîëãîãðàä спайс россыпь закладкР¸ купить соль по закладкР°Ð¼ купить Гера Лянтор 26 ru biz купить Метамфа Калач спайс закладкР¸ как Ð²Ñ‹Ð³Ð»ÑÐ´ÑÑ ‚ ЗакладкР¸ марки в БилибинРµ Ð¡Ñ‚Ð¾Ð¸Ð¼Ð¾ÑÑ ‚ÑŒ лечения
IP:185.89.100.218  2018-01-07 05:30:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.