Хүмүүс: |
Авлигатай тэмцэх газраас иргэдэд үйлчилгээ үзүүлж буй улсын томоохон эмнэлгүүдэд шалгалт хийж байгаа. Эхний ээлжинд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж нэлээдгүй зөрчил илрүүлж байсан. Тэгвэл энэ удаа Гэмтэл согог судлалын үндэсний төв буюу бидний нэрлэж заншсанаар Гэмтлийн эмнэлэгт ажиллажээ. Шалгалтын явцад хэд хэдэн зөрчил илрүүлсэнээс хамгийн ноцтой нь хүчингүй болсон сайдын тушаалыг үндэслэн зарим шийдвэрийг гаргасан байж. Мөн шилэн дансандаа мэдээллээ байршуулаагүй, ажилчиддаа цалин урамшуулал олгохдоо тогтоосон журмын дагуу бус харилцан адилгүй олгодог байсан байна. Түүнчлэн төрийн өмчийн барилгын зарим хэсгийг иргэдэд түрээслүүлэхдээ сонгон шалгаруулалт явуулдаггүй, хэн нэгэнд давуу эрх олгосон байна. Тиймээс дээрх зөрчлийг нэн даруй арилгуулах зорилгоор тус төвийн дарга З.Мэндсайханд албан бичиг хүргүүлжээ. Өмнө нь 2013 онд мөн л шалгалт явуулж илэрсэн зөрчлийг арилгуулж байсан аж. Улсын томоохон хоёр эмнэлэгт явуулсан шалгалтаар нэлээд зөрчил илэрсэн тул салбарын сайд нь бусад эмнэлгүүддээ анхааруулах зорилгоор албан бичиг хүргүүлсэн гэнэ.