Ш.Батцэцэг: Санаачлагч иргэдээр дамжуулж Ц.Элбэгдорж олон хүний амьдралыг өөрчилсөн

2013/06/13
Share |
Хүмүүс:
Ш.Батцэцэг: Санаачлагч иргэдээр дамжуулж Ц.Элбэгдорж олон хүний амьдралыг өөрчилсөн

Элбэгдорж” хүрээлэнгийн захирал Ш.Батцэцэгийг “Ярилцах танхим” булангийнхаа энэ удаагийн зочноор урьж, ярилцлаа.

 

-“Элбэгдорж” гэдэг хүрээлэн байдаг гэд­гийг хүмүүс тэр бүр мэд­дэг­гүй. Тэр хэрээрээ энэ хүрээлэн­гийн үйл ажиллагаа­ны талаарх мэд­лэг хомс. Тиймээс та хүрээлэн­гийнхээ талаарх мэдээл­лийг уншигчдад маань та-нилцуулахгүй юу. Ямар үйл ажиллагаа явуулдаг хүрээлэн юм бэ?

-Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж Ерөнхийлөгчөөр сон­гогдо­хоосоо өмнө буюу 2008 онд энэ хүрээлэнг анх үүсгэн байгуулсан байдаг юм. АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клин­тоны урилгаар 2007 онд “Дэл­хийн санаачлагч иргэд”-ийн уулзалтад оролцох үеэрээ энэ хүрээлэнг нээх санааг олсон гэдэг.

 

Тухайн үед Ерөнхийлөгчид “Ази тивд ардчиллыг тайван замаар авчрах санаачилгыг Монгол Улсад бий болгосон учир Дэлхийн санаачлагч иргэдийн уулзалтад урьж байна” гэдэг урилга ирүүлж байсан юм билээ. Тэр уулзалтад очоод ирэхдээ Ерөнхийлөгч “Ардчиллыг улс төрийн аль нэг нам хөгжүүлдэггүй юм байна. Тэр иргэд хашаандаа, гэртээ ардчиллыг бэхжүүлдэг юм байна. Тиймээс бид ардчиллын хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн хандлагыг сайжруулахын тулд энэ үйл ажиллагааг дэмжсэн хүрээлэнтэй болох хэрэгтэй юм байна. Хүрээлэн маань төрийн бус байгууллагын үүрэг гүйцэтгэж, иргэдтэй тулж ажиллан ардчиллыг бэхжүүлж байгаа иргэдэд талархаж, “Санаачлагч иргэн” гэдэг талархал бий болгоё” гээд “Элбэгдорж” хүрээлэнг байгуулж байсан түүх­тэй.

-Санаачлагч иргэн гэдэг нэр томъёог тайлбарлаж өгөөч?

-Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж “Дэл­хийн санаачлагч иргэд”-ийн чуулганд оролцох үеэрээ шинийг сэдэгч, баялаг бүтээгчид ардчиллыг бэх­жүүл­дэг гэдгийг дэлхий ний­тээрээ хүлээн зөвшөөрч байгаа туршлагыг Монголд нэвтрүүлэхийг зорьсон. Түүнтэй хамт уг чуулганд оролцогчид дандаа шинийг сэдэгчид, бүтээгчид, ардчиллыг бэхжүүлэгчид байсан учир тэднийг “Санаачлагч иргэд” гэж нэрлэсэн байгаа юм. Үүний нэгэн адилаар бид ардчиллыг үнэт зүйлээ болгосон иргэдийг “Санаачлагч иргэн”-ээр тодруулах санаачилга гаргасан. Энэ бол ямар нэгэн мөнгөн шагнал биш, төрийн одон медаль биш. Иргэдэд урам өгөх гэсэн талархал. 2008 оноос хойш бид 460 гаруй санаачлагч иргэнийг тодрууллаа. Тэд бүгд л хийсэн бүтээсэн зүйлтэй хүмүүс. Энэ хүмүүс хүн бүрт гараанаас зэрэг гарах боломжийг олгосон Ерөнхийлөгчид талархснаа байнга илэрхийлдэг. Тухайлбал, “хийж, санаачилж чадаж байгаа хүн бүрт ардчилсан нийгэмд ашиг орлого, мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж байна. Хүмүүсийг ардчилсан сэтгэлгээтэй болгох боломж ч байна” гэж тэд хэлж байх жишээтэй. 

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч босохоосоо нэг жилийн өмнө дээрх хүрээлэнг байгуулсан юм байна. Түүнээсээ хойш хүрээлэнгийн үйл ажиллагааг хэрхэн дэмжиж байв?

-Ц.Элбэгдорж Ерөнхийлөг­чийнхөө хувиар биш иргэн, ард­чил­лыг бий болгох гэж оюун ухаан, ам биеэ чилээж явсан хүний хувьд санаачлагч иргэдийг дэмжиж ирсэн. Ерөнхийлөгч болсон ч санаачлагч иргэдийн хийсэн бүтээсэн бүхэнтэй танилцдаг байсан. Ингэхдээ тэр зөвхөн танилцаад өнгөрөх биш тэдний төлөө юу хийж болох вэ гэдгийг үргэлж боддог байсан нь хэд хэдэн тодорхой жишээн дээрээс харагддаг юм. Тухайлбал,  сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай арга хэмжээ авах тухай зарлигийг 2010 онд гаргасан байдаг. Мөн энэ ондоо хуримтлалын бүлгийн үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа Олон нийтийн оролцоот хөгжил, хуримтлалын бүлгийн үйл ажиллагааг дэмжиж, орон даяар өрнүүлэх тухай зарлигийг гаргасан. Энэ хүрээндээ мөрийн хөтөлбөртөө “Ядуурлыг биш санаачлагчдыг дэмжинэ” гэсэн заалтыг оруулсан байна билээ. Энэ бүхэнд нь санаачлагч иргэд маш их баяртай байгаагаа илэрхийлсээр байна. Тэд чинь хүнээс юм гуйхгүй амьдраад сурчихсан хүмүүс. Харин ч өөрсдийнхөө хүчээр хэн нэгнийг ажлын байртай болгочих юмсан. Хэн нэгнийг баярлуулчих юмсан гэдэг бодолтой болчихсон хүмүүс шүү дээ. Тэдэнтэй уулзаад явж байхад их бахархмаар санагддаг. Тухайлбал, Дархан-Уул аймагт байрны хонгилд эсгий урлал хийдэг гэр бүлийн хоёр хүн Дархан хотынхоо 18 замын цагдаад өвлийн улиралд гутал дотроо өмсөх эсгий оймс тус бүрт нь гурвыг үнэгүй оёж өгдөг гэж байсан. Мөн Хөтөл хотхонд хүний хүүхдүүдийг өсгөж, хүмүүжүүлдэг нэгэн өндөр ээж байдаг. Сэлэнгэ  аймгийн  Алтанбулаг суманд нэгэн залуу бий. Архинд хэт автсан байсан учир түүний үгийг хэн ч тоодоггүй, амьдралдаа алдсан нэгэн байсан хэдий ч архинаас гарахаар шийдсэн байдаг юм. Тэр үед нь Ерөнхийлөгч “Архигүй Монголын төлөө” уриал­гаа дэв­шүүлчихсэн байсан нь их тус болсон гэж одоо дурсдаг юм. Одоо аймагтаа Архидалт, мансуурлын эсрэг нийгэмлэгийн тэргүүн хийгээд Ерөнхийлөгчийн уриалгын дагуу архинаас гаргах сургалтыг амжилттай зохион байгуулаад явж байх жишээтэй. Хүмүүс өөрсдийнхөө бүтээлч санаачилгын хүрээнд бий болгосон зүйлээсээ маш их урам зориг авч, дахин дахин хийхийг хүсэж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлагч иргэдээр дамжуулж олон хүний амьдралыг өөрчилсөн. Үүний ачаар хүмүүс бие биедээ их тусалдаг болж, бие биенээ их хүндэлдэг болсон байна. Энэ бол сайн манлайлагч, сайн удирдагчтай байсны ач гэж би харж байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах иргэдийн хандлагыг эерүүлэх гэж өөрийн багтаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулж байна. Үүнийг нь дагаад нийгмийн сэтгэлзүй өөрчлөгдөж, ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж эхэлж байна шүү дээ.

-Ингэхэд та бүхэн санаачлагч иргэдийг хэрхэн олж, алдаршуулдаг юм бэ. Сүүлийн үед иймэрхүү зүйлд хүмүүс нэг их итгэхээ больчихсон болохоор л ингэж асууж байгаа юм?

-Сүүлийн үед ганц, хоёр хүний амбицдаа хөтлөгдөж хийсэн үйлдэл бүрийг ардчилалд нялзаах гэж нэг хэсэг хүн оролдох болж. Ардчилал гэдэг бол ард түмний өмч, дийлэнх нь ардчилалд хүндэтгэлтэй хандаж байвал түүнийг заавал эсэргүүцэх албагүй шүү дээ. Ардчиллыг хэлмэгдүүлэх гэж үзээд байгаа нь анхааралдаа авах асуудлын нэг яах аргагүй мөн. Амьдралын шорвог, гашууныг амталж үзээгүй, төрөхөөсөө эхлээд өнөөдрийг хүртэл зөөлөн суудал дээр тарвалзаж өссөн хүмүүс өнөөдөр байр суурь нь ганхаж эхлэхээр иймэрхүү үйлдэл гаргаж байгаа нь харамсалтай санагдаж байна. Бүх л зүйлийг үгүйсгэж, эсэргүүцэж байхын оронд амьдралд дасан зохицож бусадтайгаа нэг эгнээнээс бүхнийг эхлүүлэх ёстой гэж хэлмээр байна.

Санаачлагч иргэдийг олохдоо бид  хороо, багийн Засаг дарга нар­тай холбогдохоос гадна иргэдийн санал хүсэлт дээр тулгуурладаг. Санаачлагч иргэдийг тодруулсан өнгөрсөн таван жилийн хугацаанд бид нэг ч удаа цаасан дээрх тодорхойлолтод үндэслээгүй гэдгээ хэлэх ёстой. Баг, хорооны Засаг дарга, иргэд жинхэнэ санаачлагч иргэдийг санал болгодог байхгүй юу. Хүмүүсийн тоохгүй хаядаг бүхнийг ашиглаад юмхнаар юм хийчихсэн хүмүүс ч байдаг. Өрхийн үйлдвэрлэл эрхлээд амжилтад хүрчихсэн хүмүүс ч байдаг. Гэлээ гээд энэ хүмүүс хэдэн хүн зарчихаад суугаад байдаггүй. Өөрсдөө дунд нь ороод ажилчихдаг юм. Орхон аймагт ажиллаж явахдаа нэгэн айлд очиход эхнэр нь яаралтай явуулын машины дугуйг нөхчихөөд гараад ирж байгаа юм. Тэр гэр бүл маш олон га газарт тариалалт хийж, маш олон хүнийг хавар, намартаа ажлын байраар хангаж байх жишээтэй. Ингэхдээ тариалалтдаа ашигладаг бүх техникээ өөрсдийн гараар хийдэг гэж байсан. Тэрийг нь тэр нутгийн иргэд дуурайж хийх замаар техникийн хэрэгцээгээ хангадаг болчихсон юм байна билээ. Хашаандаа мод, бут, сөөг тарьсаар байгаад эрдэмтэн, докторуудаас дутахааргүй болчихсон хүмүүс ч байна. Энэ хүмүүс ойр хавийнхаа хүүхдүүдэд үнэгүй хичээл зааж, практик дээр ажиллуулж, мэддэг чаддаг бүхнээ зааж өгч байгаа нь бахархалтай санагддаг. Ийм л хүмүүст талархах хэрэгтэй гэж Ерөнхийлөгч хэлээд байгаа юм. Тэр хүмүүст талархал л байхад хангалттай.

-Ерөнхийлөгч санаачлагч иргэдтэй маргааш уулзана гэж сонссон. Энэ талаар тодруулахгүй юу?

-Соёлын төв өргөөнд маргааш 2000 гаруй санаачлагч иргэн цуглах юм. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүрэлцэн ирж, тэдгээр иргэнд талархал илэр­хийлэх байгаа. Бид чинь хийж, бүтээж байгаа бүхэндээ сэтгэлийн дэм өгч байж л хамтдаа хөгжинө шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

Р.Саранго

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.