Азийн топ модель Т.Туяамаа: Энэ амьдралаас хүссэн болгоноо захиалж авах болно

2012/02/02
Share |
Азийн топ модель Т.Туяамаа: Энэ амьдралаас  хүссэн болгоноо захиалж авах болно

"Мисс Монголиа 2010" тэмцээний авьяаслаг мисс, "Манжуурын гоо бүсгүй" тэмцээний гуравдугаар байрын шагналт, Азийн топ модель , “Catwalk” хамтлагийн дуучин Түмэнжаргалын Туяамааг Factnews.mn сайт энэ удаагийнхаа зочиноор урьлаа.

- Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Т.Туяамаагаар сонин сайхан юу байна?
- Намайг зочноор урьсан танай сайтын хамт олонд баярлалаа. Шинэ он гараад удаагүй байгаа болохоор хийхээр төлөвлөсөн ажилууд олонтой явж байна. Ер нь энэ жил хичээлдээ болон хамтлагийн уран бүтээлдээ нэлээн цаг гаргахаар төлөвлөөд байгаа.

- Хүүхэд насныхаа нандин дурсамжаас манай уншигчидтай хуваалцаач. Т.Туяамаа багадаа ямар охин байсан бэ?
Хүүхэд нас гэдэг бол хүн бүрийн амьдралын хамгийн гэгээлэг мөч байдаг болов уу. Мэдээж миний хүүхэд нас ч бусдын адил сайхан дурсамжуудаар дүүрэн өнгөрсөн. Хоёр ахтай болоод ч тэр үү нэлээн сахилагагүй талдаа охин байсан.

- Т.Туяамаа дунд сургуулиа хаана төгссөн бэ, одоо аль сургуулийн оюутан эсэх талаараа ярьвал?
- Би дунд сургуулиа Дорнод аймагт төгссөн. Одоо МУИС-ийн Социологийн 3-р курст суралцахын зэрэгцээ "Шилмэл загвар" компанид загвар өмсөгчөөр ажиллаад дөрвөн жил болох гэж байна.

- Өөрөө “Мисс Монголиа 2010” наадмын авьяаслаг мисс болж байсан. Гэтэл авьяаслаг мисс маань яагаад Социологийн ангийг сонгон суралцах болсон бэ?
- Социологч гэх мэргэжлийг санамсаргүй байдлаар сонгосон. Хаяа урлагийн мэргэжил сонгодог байж гэж бодох үе гардаг. Гэхдээ нээх харамссан зүйл бол байдаггүй ээ.

- Загварын ертөнцөд сэтгэл татагдаж оров уу. Эсвэл мөн л санамсаргүй тохиолдол байв уу?
- Миний хувьд бусад охидуудын адил багаасаа загвар өмсөгч болохыг хүсдэг байлаа. Хоёр настай байхаасаа ээжийнхээ оёсон хувцсыг орцныхондоо өмсөж үзүүлээд, тэр үеэс эхлээд манай байрныхан намайг орцны мисс гэж өхөөрдөн дууддаг байсан. Намайг 14 настай байхад “Азийн модель” агентлаг Дорнод аймагт сургалт явуулж тэр сургалтанд суусан маань загварын ертөнцөд хөл тавихад их нөлөөлсөн гэж боддог. Дунд ангид байхаасаа загвар өмсөөд, 14 настайдаа “Азийн модель” агентлагийн тэргүүн Содтуяа багшийн гарын шавиар орж загварынхаа А үсгийг заалгаж анх загварын ертөнцөд хөл тавьсан. Оюутан болж ирээд “Шилмэл загвар”-т гэрээт загвар өмсөгч болж ажилласан.

- Хоёулаа “Азийн супер модель” шалгаруулах тэмцээний тухай ярья. Уг тэмцээн яг ямар шалгаруулалтаар явагддаг юм бэ?
- Ер нь мэргэжлийн модель хүн ямар байх ёстой вэ тэр бүгдийг шалгаж байсан. Тухайлбал бид нар тэнд очоод эхний дөрөв хоногт байгалийн үзэсгэлэнт газруудаар реклам, сэтгүүлийн зураг авалтанд орж, уул руу авирсан. 30 гаруй хэмийн халуунд эсгий хувцастай, өсгийтэй гуталтай олон цаг явах гэх мэтчилэн хэцүү даалгаварууд байсан. Модель хүн тэсвэр тэвчээртэй байх чанарыг өөртөө агуулсан байх ёстой. Мөн ёс суртахууны хувьд дээд зэргийн түвшинд бэлтгэгдсэн байх ёстой. Бусад орны моделуудтай хэрхэн харилцаж байна, гадаад хэлний мэдлэг ч гэх юмуу ер нь бүх талаас нь л харж байсан. Мэргэжлийн модель хүн тайзан дээр ямар алхааны техниктэй байх ёстой, хувцастай хэрхэн харьцах ёстой гэх мэтчилэн моделийг тал бүрээс нь харж байж шалгаруулсан.

- Мэдээж шагнал авч байсан үе танд бас нэгэн сайхан дурсамжийг үлдээсэн байх?
- Азийн топ моделиор шалгарлаа гээд дуудахад өөртөө итгэхгүй удаан алхаад, би яг мөн үү, зөв сонсов уу гэж бодоод л... Ер нь баярлахаасаа урьтаж балмагддаг юм билээ. Мэдээж дараа нь баярлаж үнэхээр сэтгэл хангалуун сайхан байсан.


- Т.Туяамаа энэ жил анх удаа "Гоёл" наадамд оролцон “Kerasys” –ийн нэрэмжит шагналыг хүртсэн. Мэдээж, энэ замыг сонгосон юм чинь топ модель болохыг зорино байх?
- Миний хувьд энэ жил монголын загварын хамгийн том наадам болох “Гоёл”-д оролцсондоо баяртай байгаа. Мөн таны хэлсэнчлэн “Kerasys” –ийн нэрэмжит шагналыг хүртсэн. Энэ бол том амжилт. Харин топ моделийн талаар бодох миний хувьд эрт байна.

- Яагаад? “Азийн топ модель” болсон хүн Монголын топ модель болоход амархан бөгөөд ойрхон юм биш үү?
- Монголын загварын урлагт олон жил зүтгэсэн зарим эгч нар маань энэ шагналыг авах гэж яараагүй байхад би яарах нь илүүц санагдаж байна.

- Ингэхэд 13 дахь топод загварынхан сэтгэл дундуур байгаа нь ажиглагдаж байна л даа. Туяамаагийн хувьд ямар бодолтой байна вэ?
- Х.Ундрах эгчийн хувьд олон жил загварын тайзнаа алхсан. Тэр ч утгаараа энэ жилийн топ модель гэх шагнал зөв хүндээ очсон юм болов уу гэж бодож байгаа.

- Сэтгэхүйн далд тэмцэл явагддаг салбар бол загварын ертөнц. Атаа жөтөө, бие биеэ шоглох явдал бишгүй гардаг. Өөрт чинь иймэрхүү зүйл тохиолдож байв уу?
- Ганц загвар гэлтгүй ямар ч салбарт өрсөлдөөн гэж зүйл бий. Магадгүй түүний нөлөөгөөр аливаа зүйл чанарждаг байх л даа. Яг одоогоор надтай тийм зүйл тулгараагүй байгаа ч цаашид тохиолдохгүй гэхийн баталгаа байхгүй.

- Ингэхэд “Catwalk”-ийн дуучин Туяамаа хамтлагийнхан дундаа бага нь. Хүмүүсийн хэл ам, доромж үгийг хэрхэн хүлээж авдаг вэ?
Мэдээж хамтлагийн хоёр эгчдээ эрхлэх үе байдаг. Гэхдээ хүмүүсийн хэл амыг нээх тоогоод байдаггүй . Ягаад гэвэл намайг хэн ч энэ замаар яв гэж албадаагүй. Би өөрөө л сонгосон шүү дээ.

- Алдартай загвар өмсөгчдөөс хэнийг нь илүү хүндэлж, үлгэр дууриал авдаг вэ?
- Викториа Сикретийн моделиуд, монголоос топ модель Сэлэнгээ эгчийг хүндэлж явдаг. Үе үеийн топ моделиудаа хүндэлж, тэднээс суралцдаг.

- Олны танил байх таалагдаж байна уу?
- Ер нь олны танил байна гэдэг хэцүү л дээ. Өөрийгөө хаана ч явсан биеэ зөв авч явах хэрэгтэй. Ер нь модель хүмүүс учраас тиймэрхүү зан чанар бидэнд суусан байдаг. Хаана ч явсан нүүр будалт, хувцаслалт гээд тиймэрхүү хичээл ордог болохоор гайгүй шүү.

- Мөрөөдөх дургүй хүн гэж үгүй. Туяамаа мөрөөдлөөсөө хуваалцаач?
-Тийм шүү. Би ч бас мөрөөдөх дуртай. Багасаа л мөрөөдлөө тэмдэглэлийн дэвтэртээ бичиж түүндээ хүрэхийн төлөө эрмэлзэж ирсэн. Тиймдээ ч одоо хүүхэд насны маань маш олон мөрөөдөл биелэсэн байна. Тухайлбал арван жилийн дараах өөрийнхөө ирээдүйг маш том амжилтын эзэн болсон байгаагаар төсөөлж байна. Ер нь би энэ амьдралаас хүссэн бүхнээ захиалж авах болно.

- Таныхаар аз жаргал гэж юу вэ? Аз жаргал гэдэг амар амгалан байхаас эхлэдэг болов уу.
- Миний хувьд аз жаргал надаас хол байна гэж бодож байгаагүй ээ. Хүн бүр хажуудаа байгаа аз жаргалыг мэдрэх мэдрэмжтэй байх хэрэгтэй.

- Загварын ертөнцөд нас их чухал шүү дээ?
- Загвар өмсөгчийг ер нь залуу насны ажил гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ топ модель Одгэрэл эгч маань залуучуудаас дутахааргүй гялалзаад, амжилттай явж байна. Тухайн хүний биеэ авч явж байгаа байдал, хүсэл зорилгоос хамаардаг гэж боддог. Тийм байх юм бол загварын тайзнаас буухгүй л гэж боддог.

- Хийж байгаа ажил чинь цаанаасаа жингээ барихыг шаарддаг. Энэ хэцүү юу?
- Ер нь хоолны дэглэм барьдаггүй. Хоолыг хэт сойх биеэнд муу гэж боддог. Дээрээс фитнесс, усан спортоор хичээллэдэг. Аль болох эрүүл хоол идэхийг эрмэлздэг. Бас арьсны хувьд өдөр тутмынхаа арчилгаагаар явдаг. Байнга гоо сайханд ороод байдаггүй. Залуу насаараа л гоёхыг эрмэлздэг.

- Мэдээж “Азийн топ модель” бүсгүйн ярилцлагаас найз залуутай эсэхийг нь сонирхох залуус олон байгаа байх?
- Найз залуу байгаа. СУИС-ын оюутан.

- Чамаас үлгэр дууриал авдаг охид олон байдаг. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?
- Өөрийн дотор хүнээ ялан дийлж чадвал, та нарын өмнө маш том боломж, амжилт хүлээж байгаа. Чиний хамгийн хүчтэй өрсөлдөгч бол чи өөрөө байдаг. Чи өөрийгөө ялан дийлж, зоригтой байж чадах л юм бол өмнө нь төсөөлж ч байгаагүй сайхан бэлэг гарч ирэх болно. Бас ээж, аавыгаа хүндэлж, хайрлаж яваарай. Хүнийг хайрлаж сурна гэдэг бол маш том амжилт шүү.

- Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таныг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай.


Ярилцсан: А.Чимгээ.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.